Нийтлэл рүү буцах
2026-04-27

21 аймаг

B.Bayartsetseg
B.Bayartsetseg
Аялал, нийтлэлч
21 аймаг

21 Аймгийн дэлгэрэнгүй танилцуулга

БАРУУН БҮС

БАЯН-ӨЛГИЙ

Ёлтын сав газар

Ёлтын сав газар нь Баян-Өлгий аймгийн Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь унаган төрхөө хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг. Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м–ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамал зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт саримсан сонгино ургадаг.

Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон

Потаны мөсөн гол

Монгол Алтайн нуруун дахь Потанины мөсөн гол бол Монгол Алтайн нурууны Таван богд ууланд оршдог Монголын хамгийн урт мөсөн гол юм. Урт нь 20 км. Ойролцоогоор 50 км2 талбайтай. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэжээ. Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн мөстөлт, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн судалгааг хийсэн байна. Тэдний тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодорхойлсон байна.Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа юм. 2003 оноос 2009 оны хооронд буюу нийт зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлан үгүй болж байгаа гэсэн үг юм. Дороосоо хайлж татрахаас гадна зузаанаас бас хорогдсоор байгаа ба 2004 оноос 2009 оны энэ процесс жилдээ 2,6 метр байна хэмээн хэмжилт хийсэн байна.

Бага Ойгарын цагаан салаагийн  хадны сүг зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор - Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15-20 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойш 140 км орчим зайд, Улаанхус сумын нутагт орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 2100 га, хамгаалалтын бүс 3600 га, нийт 5700 га-гаар хамгаалалтын бүсийг тогтоосон байна.Нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно.

Бага түргэний хүрхрээ

Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуучлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ. Хүрхрээний орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Мөн Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий. Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон арвааар тааралдана. Алтай Таванбогдын БЦГ-ын энэ хэсэг БНХАУ – ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм. Сүүлийн жилүүдэд Бага Түргэний хүрхрээг зорин ирдэг аялагч жуулчлагчдын тоо өссөөр байна. Иймд хамгаалалтын захиргаанаас санаачлан ирэх зунаас Бага Түргэний аманд нэвтрэх цэг байгуулж, хүрхрээ орчмын ан-амьтан, онгон дагшин байгалийг нутгийн иргэдээр хамгаалуулж, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх түшиц газар болгохоор шийдвэрлэсэн байна

Толбо нуур

Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөө үзүүлжээ. Өлгийгөөс өмнөд зүгт 34 км зайд оршино. ОХУ дахь Ташанта тосгоноос Ховд руу явах зам энэ нуурын эрэг дагуу байрлана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

УВС

Увс нуур

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Гүн нь 30м. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.Увс нуур нь давс ихтэй (далайн усныхаас хоёр дахь бага, 18.8 ppt) бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүдэнэ. Тус нуур нь 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүний дотор алтайн сугас (Oreoleuciscus potanini)загас орно.

Хяргас нуур

Хяргас нуур нь Монгол Улсын Увс аймгийн Хяргас сумын нутагт орших, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтад багтах ажээ. Улаанбаатар хотоос баруун зүгт 1272 км зайд оршино.Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давлагаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсцаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.

Нуурын урт: 83 км, өргөн: 31 км, эзлэх талбай: 1,481.1 км², дундаж гүн: 50.7 м, хамгийн гүн цэг: 80 м, усны хэмжээ: 75.2 км³.

Алтан элсний дархан цаазат газар

Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойл хил болж цөлийн гандуу хуурай орчин нуур, устай зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг маш өвөрмөц байгаль-газарзүйн гайхам сонин иж бүрдэл бүхий газар бөгөөд энэхүү ландшафтын өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор Увс нуур, Түргэн уул, Цагаан Шувуут, Торхилог-Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биенээсээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчилэн хамарсан Увс нуурын ай савын кластерийн дархан газрыг байгуулж УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор баталсан.Хамгаалалтад авсан үндэслэл Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсгийн алтан элсийг хамарна. Талбай нь 177,5 мянган га. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автагдаагүй манхан элс, эрт дээр үеийн амьдтын үлдэгдэл, түүхийн дурсгалыг хадгалан үлдэх зорилгоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус дархан цаазат газрын хамгаалалтын үйл ажиллагааг Увс нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан явуулдаг. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой.

Хан Хөхий уулс

Хан Хөхийн нуруу нь Монгол Улсын Увс аймгийн нутагт орших уулсын систем юм. Ноён оргил Алтан Дуулга нь далай түвшнээс дээш 2928 м өндөртэй.Хан Хөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Хан Хөхийн нуруу нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт оршдог. Хан Хөхийн нуруу нь Их нууруудын хотгор луу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ.YI-YIII зууны үед түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Хан Хөхийн нурууг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Хан Хөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ.Хан Хөхийн нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай уул болсон. Уг зарлигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн, хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолоодугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.

 

Чандманы уулын дурсгал

Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ. Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг.

Гоожуурын хүрхрээ

Гоожуурын хүрхрээ нь Увс аймгийн Ховд сумын нутагт Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа, Түргэний уулсын баруун урд орших Олон нуурын уулсад оршино. Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндрөөс унадаг. Нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг. Олон нуурын уулс нь далайн төвшнөөс дээш 3000 метр өндөр. Мөнх цас, сүрлэг хадтай бөгөөд нэн ховор ирвэс, янгир, аргаль, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай тул Олон нуурын уулс хэмээн нэрлэгджээ. Сүүлийн жилүүдэд хүрхрээний ус нь багасах шинжтэй болжээ.

Мөнгөт цахир уул

Увс аймгийн Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.

Дэглий цагаан уул

Их Түргэний уулс нь Алтайн нурууны салбар уулс юм. Энэ уулс буюу нуруу нь Монгол Улсын баруун хойд хэсэгт орших Увс аймгийн нутагт оршдог. Их Түргэний уулсын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4029 м-т өргөгдсөн Дэглий цагаан уул юм.

Зураагийн улаан хадны зураг

Зураагийн Улаан хадны зураг Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт сумын төвөөс хойш 14 км-т Зураагийн хошууны өвөрт орших таван том улаан хадны дунд талын хоёр хаднаа байдаг. 1975 онд МЗТСХЭ илрүүлэн олсон.Зураагийн улаан хад тус бүрийн өндөр 20-30 м, өргөн нь 100 м орчим юм. Энд нийт таван хэсэг газарт эртний хүмүүс улаан зосоор зураг зурж үлдээжээ. Эхний хэсэгт зөв эргэсэн хас тамга, шувууны дүрс, буруу эргэсэн хас тамга, гурван цэг, тал саран тамга танихад бэрхтэй том дүрс зэргийг сийлсэн байдаг.Дараагийн бүлэг зурагт давхардсан нүдтэй гурвалжин дүрс, сөөлжир чагтан тамга, эр хүйсийг онцолсон хүн, дэгээ дүрс, нэг үзүүртээ янгирын толгойн дүрстэй урт дүрс, онги, босоо зураас, хүн зэргийн дүрстэй.Гуравдахь бүлэг зурагт  10 хүн, хоёр хүний дутуу дүрс, 3 буйлан тамга, 4 сөөлжир чагтан тамга, амьтны дэлгэсэн арьс мэт дүрс зэрэг нийт 22 дүрслэлтэй. Хүмүүсийг хоёр янзаар дүрсэлсэн байх ба нэг тохиолдолд гурвалжин цээжтэй мэт зогсож байгаагаар нөгөө тохиолдолд гартаа цагариг хэлбэрийн зүйл барин нэг хөлөө өргөн бүжиж буй мэтээр үзүүлсэн байна. Мөн зарим хүнийг салаа оройтой малгайтай дүрсэлсэн нь сонирхол татна. Дөрөвдүгээр хэсэгт гох дэгээ мэт дүрс, буйлан тамга, дөрвөн босоо зураас, тахир дүрс, иштэй зууван цагариган дүрс зуржээ.Тавдугаар бүлэг зурагт сөөлжир чагтан тамга, босоо зураас зэргийг сийлжээ.

Ачит нуур

Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймаг дахь хамгийн том цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. Нуурын эрдэсжилт нь 0.180%.Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөх мөрөн гол, Улиастай гол зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Ачит нуурын ус цуглуулах талбай нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.

Нуурын эргэн тойронд ихэвчлэн дөрвөд ястан, казах үндэстнүүд амьдардаг.

 

 

 

 

ХОВД

Цэнхэрийн агуй

Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий.Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг.Уг агуй нь шохой чулуун тогтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас тааз /адар/ хүртэл 20 орчим метр өндөр агаад анх Хойд цэнхэрийн агуйн зургийг Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлсэн талаар танилцуулгад дурдсан байна.

Хар-Ус нуур

Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг.Хар-Ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассанаар нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см-р доошилж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид тооцож гаргажээ.Тус нуурын ус цуглуулах талбайн дал орчим хувьд нь Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт гол жилд 2.2 км³ орчим ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км өргөн Чоно-Харайх голоор Хар-Ус нуурт өгдөг.Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм.

 

 

 

Мөнххайрхан уул

Мөнххайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог уул юм. Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 м өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Баянзүрхийн буган хөшөө

Ховд аймаг Мөст сум. Баянзүрхийн буган чулуун хөшөө.Энэхүү газар 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ таван өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэт бүхий л амьтныг дүрсэлсэн аж.

Төрийн тахилгат Алтан Хөхий уул

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Энэ уул нийт 90,735 га хамран орших Алтан Хөхий уулыг 2010 оны УИХ-ын 6-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтынд байгалийн нөөц газрын ангиллаар авсан байна. Монголын төхийн тахилгат Алтын Хөхий уул нь Монгол Алтай болон Их нууруудын хотгорын заагт цөлөрхөг хээр, цөлийн бүс рүү түрэн орж орших бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам уулс, бэл, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг олон ялгаат экосистем зэрэгцэн оршино. Уг нөөц газарт өндөр уулын босоо бүслүүрийн үндсэн хэв шинж болох тагт өндөрлөг уулын хээр, уулын нуга, бүсийн хэв шинж болох хээржүү цөл, татмын нуга, шугуй, бөөрөг элс зэрэг түгээмэл болон өвөрмөц шинжийг агуулсан экосистем тохиолдоно. Алтан Хөхийн уул нь далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000м-т орших ба хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн. Алтан Хөхийн уулын ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг. Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Хөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм. Тэсийн эх, мөн Ханхөхий нуруунаас араас нүүж ирсэний дараа мянгад нар энэ уулыг Хөхий уул хэмээх болжээ. Ийнхүү Хангайн Хөхий уулаас ирсэгсэд шинээр Алтайд Хөхий уултай болжээ.

Харуул овоо

Ховд аймгийн Булган Үенч сумын заагт Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг "Харуул овоо" хэмээдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим аж. Судлаачид энэ овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг байна. Уг овоо нь Булган голын хөндийд нутаглах Торгууд ястны босгосон 13 овооны нэг аж. Харуул овоо нь гурван үеэс бүтэх ба доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг аж. Энэ овооны тухай хэд хэдэн домог байх бөгөөд урьд цагт Захчин ястны өлгий нутаг болох Жаргалан хэмээх газар нутагт Их хааны харуулын албыг гүйцэтгэх албатууд суурьшдаг байжээ. Тухайн үед хойд Жаргалант уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байв. Нэгэн айлын ганц хүү тэрхүү харуул манааны үүргийг гүйцэтгэсээр насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахаар хошуу ноёны зарлиг гарч харуул хүүгийн унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуулын овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсож зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргасан гэж ярьдаг. Энэхүү домог түүхээс сэдэвлэн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид "Харуул овооны домог" хэмээх жүжгийг тавьжээ.

Ямаан усны хадны сүг зураг

Ямаан-Усны хадны зураг нь Хүрлийн, түрүү төмрийн, Хүннүгийн үед хамаарах ((МЭӨ III мянган жил - МЭӨ I мянган жил) – (МЭӨ III – МЭ II зуун)), Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан-Ус хэмээх нарийн хавцалд орших хадны сийлмэл зураг.Алтай сумын Ямаан-Усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Зургууд нь хавцал дахь “Уран зургийн галерей”-г санагдуулна. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны сийлмэл зургуудын дотор чухал байр эзэлнэ. Ямаан-Усны хадны зурагт нохой, янгир, нум сум харваж буй хүн, нум сум агссан морьтой хүн, морь унаж гартаа ямар нэгэн аргамж, бугуйл барьсан хүн, адуу, янгир, тэмээ зэрэг амьтад, тамга тэмдгийн зүйл, тэрэгний зураг зэргийг маш уран дүрсэлжээ.Ямаан-Усны хадны зургийн төв хэсэгт гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агсан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урласан ажээ. Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байна. Сайхь зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид сайхь зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг билээ.

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын заагт оршдог. Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4195 метр өндөр. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинжийг агуулсан. Энэ уул нь ан амьтнаар баялаг Монгол Алтайн нуруунд байдаг. Энэхүү Цамбагарав ууланд авиралт хийх болон  явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш “Цамбагарав” хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг болтол хадгалагдаж байжээ. Цамбагарав уулын бүс нутгийн 111462 га газрыг 2000 онд “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Ишгэн толгойн хадны зураг

Ишгэн толгойн хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой дахь Палеолитын үед холбогдох хадны сийлмэл зургийн дурсгалт газар.Үүнийг нутгийнхан “Ишгэн толгой” хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд илрүүлжээ. Профессор Д.Цэвээндоржийн тодорхойлсноор Ишгэн толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн-1, адуу-18, үхэр-13, буга, хандгай, гөрөөс-19, тэмээ-1, янгир -17, аргаль-11, могой-5, бар-3, тэмдэг үсэг-53 байдаг аж.Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв, зохиомж, дүр дүрслэлийн арга барилаараа Чандмань хар үзүүрийн зурагтай, зарим шинжээрээ Хойт Сэнхэрийн агуй, Шишкино хясааны зургуудтай тус тус төслөг байна. Иймд археологич А.П.Окладников, Д.Цэвээндорж нар Ишгэн толгойн хадны зургийг дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд, хуучин чулуун зэвсгийн дээд шатанд холбогдуулан үзсэн билээ.

 

 

Завхан

Отгонтэнгэр хайрхан

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил юм. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул юм. Далайн түвшнээс дээш 4008 метр өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Бурханы шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн юм.

Хар нуур

Улаагчны Хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т оршдог цэнгэг уст нуур.Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48 м, уртаашаа 30 км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуурт омуль, фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Их, бага хоёр Авгаш нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх цэцэг урган гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.10-р сарын сүүлээр нуур 1 м зузаан хөлддөг.

Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмүүлжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

- Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.

Бор хярын элсэн манхан, Мухартын гол

Бор хярын элс нь Монгол Улсын Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгүйн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог элсэн манхан юм.Элсэн манханы нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ. Тус элсэн манханыг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв гэж байдаг. Элсэн манханы хөндлөн өргөн нь 15 километр, нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр. Бор хярын элс нь далайн түвшнээс дээш 450 метр өндөр бөгөөд дагтаршиж нягтаршсан элс юм. Элсний өмнө этгээдээс Мухартын гол эх авч урсдаг.АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200км үргэлжлэх “Бор хярын элсэн манхан” хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ. Манхан зүүн тийш Хяргас нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 6м гүн, 36км урт юм.Мухартын гол: Бор хярын элсний өмнөөс эх авч урсдаг. Зах эргээрээ бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий баянбүрд юм. Энэхүү байгалийн онцлогийг харгалзан биологийн ухааны доктор Х.Отгонбилэг чацарганы бут тариалсан нь үр дүнгээ өгч тус жимсгэний шугуй улам өнгө нэмж байгаа ажээ.

Тэсийн голын Нисэхийн шугуй

Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ганц эх оронч гол юм. Учир нь тэсийн гол нь ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирээд усаа Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Тэсийн гол нь эхэн ба дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсана. Голын өргөн нь 120м, гүн нь 2.5 м, хурд 1.5 м/с хүрнэ. Тэсийн голын олон салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий баруун Монголын хэв шинжийн алаг өвст үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл бий.Талбайн хэмжээ: 101000 га.

Их хайрхан уул

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг.Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

Дааган дэлийн буган чулуун хөшөө

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед бичиг үсэггүй байх үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой. Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий. Гонзгой чулууг засч ихэнхдээ сүрлэг бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлдэг учраас "буган хөшөө" хэмээн нэрлэдэг.2023 оны 9-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45-р ээлжит чуулган болж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн болно. Хөшөөн дээрх буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлснээрээ бусад төрлөөсөө ялгардаг ба бугыг нисэж буйгаар дүрсэлдэг юм. Дундуураа 2 зураастай, мөн дугариг хүрээнүүдийг сийлсэн байдаг.Саян-Алтайн загвартай буган чулуун хөшөөн дээрх амьтдын хөл нугараагүй шулуун байдаг, бугын дүрсийг өөрчлөлгүйгээр бодитоор дүрсэлдэг зэрэг олон шинжээрээ Баруун Евразийн буган чулуутай төстэй. Бар, гахай, буга, шувуу, мэлхий зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг.

Идэр голын буган хөшөөт дурсгал

Идэр гол буюу Идэрийн гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Хангайн нурууны Өндөр Өлзийт хэмээх булуу уулын араас эх авч, Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум гэх мэт арваад сумын нутгаар дайран урсаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант сумдын зааг Олон голын бэлчир хэмээх газар Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг. Голын урт 452 км бөгөөд 24,555 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм. Идэрийн гол нь Хойд мөсөн далайн Хар тэнгист цутгадаг Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей мөрний эх бөгөөд энэ их усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн ай савд 1-рт, дэлхийд 5-рт ордог.Идэр мөрний нэр түүхийн сурвалж бичгүүдэд тухайлбал “Монголын нууц товчоон”-ы 161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хөдөлж, Эдэр-Алтайн бэлчрээр гэтэлж сааталгүй явсаар Саарь хээрт очиж буув.

Сангийн хэрмийн туурь

Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт, төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газар эзлэн орших, манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм.1762 онд баригдсан тус бэхлэлтэд манж амбаны яам байрладаг байв. Ам дөрвөлжин хэлбэртэй, шавар ханаар хүрээлэгдсэн тус бэхлэлт нь зүүн болон баруун талдаа хаалгатай, дөрвөн өнцөгтөө харуулын цамхагтай байсан гэдэг. Бэхлэлтийн эргэн тойронд шуудуу ухаж усаар дүүргээд, модон гүүрээр бэхлэлт уруу нэвтэрдэг байв. Одоо үлдэж хоцорсон Сангийн хэрмийн хананы үлдэгдэл нь 3 өндөр, 1.5 метр зузаантай бөгөөд тал тус бүр нь 330 метрийн урттай. 1876-77 оны өвөл Ховд хотод очсон Оросын аялагч Потанин, хотыг энэхүү бэхлэлтийг тойрсон худалдааны суурин хэмээн тодорхойлсон байдаг. "Бэхлэлтэд манж амбан амьдрах бөгөөд түүний яам, шорон, сүм хийд, дархны газар байв". Мөн Оросын газарзүйч М.В.Певцов 1878 онд Ховдод очсон бөгөөд түүнийхээр бол ханын өндөр нь 4.5 метр байжээ. Бэхлэлтийн өмнөд хэсэгт манж амбан, түүний яам, жас, албан байрууд болон цэргийн хуаран байрлах бол зүүн хэсэгт нь худалдааны пүүсүүд, хятадын Буддын сүм дуган, Исламын мечет байсан аж. 1912 оны 8 сарын 7-нд Жа лам Дамбийжанцан нарын удирдсан хүч Ховдыг чөлөөлж, манж амбан дутаах үеэр бэхлэлт сүйджээ.

 

 

 

 

ГОВЬ-АЛТАЙ

Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт Монгол Алтайн нуруу ба Говь Алтайн нуруу хооронд оршдог далайн түвшнээс дээш 2274 м өргөгдсөн, Улаанбаатараас 1120 км зайд байх уул юм. Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл. Үүнийг нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Түүнээс гадна өөр нэг болгоомжлох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлд олноор цуглана.Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийн нэг бол яах аргагүй алмас болно.Ээж хайрхан уулын хойд энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг.

Бурхан буудай уул

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших өвөрмөц үзэсгэлэнт тогтоц уул юм. Эртнээс сүсэглэн шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг.Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.

 

 

 

 

 

 

Сутай хайрхан уул

Монгол Улсын Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт 60 км урт сунаж оршдог Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талын уул юм. Су+тау гэсэн түрэг гарлын "Устай уул" үг гэсэн утгатай юм.Ноён оргил Цаст Богд нь далайн түвшингээс 4220 метр.Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт устай уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн "Сүүтэй уул" хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. 2008 оноос Их овоог тахиж Сутай хайрханыг Төрийн тахилгат уул болгосон билээ. Улаанбаатараас 1016 км зайд оршино.

Цагаан голын хадны зураг

Говь-Алтай аймгийн Халиун /Хуучин Наран/ сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зургийн цогцолбор.[1] Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Оросын судлаач В.В.Волков, Э.А. Новгородова нар судалжээ. Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын ханан хаднуудад цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толгир хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий.Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд элэгдэж бараг мэдэгдэхгүй болсон.Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой байгаа.Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хэгээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандиновын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.

 

 

 

 

 

Монгол элс

Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ.Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг. Мөн домогт гардаг олгой хорхой байдаг гэж нутгийнхан үздэг байна. Монгол элсийг хөндлөн гулд туулах оролдлого хийсэн хүмүүс ор сураггүй алга болдог аж.

Хасагт хайрхан уул

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Шарга сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Хасагт Хайрхан бол Алтайн гол нуруунаас Шарга, Хүйсийн говиор тусгаарлагдан нилээд зайдуу оршихын дээр Хангайн уулархаг мужид арай ойр дөт боловч бас л Завхан голын уудам хөндий, Гүзээн Тээлийн бууц хотгороор тусгаарлагдана. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.

Аж богдын нуруу

Аж Богдын нуруу нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших, Монгол Алтайн уулт тогтолцооны томоохон салбар нуруудын нэг юм. Энэхүү нуруу нь өндөр уулын хэв шинжтэй, тектоник өргөгдөл давамгай, гүн хэрчигдсэн рельеф бүхий бие даасан уулын тогтолцоо бөгөөд геологийн тогтоц, гадаргын хэв шинж, ландшафтын хувьд Монгол Алтайн гол нуруутай ойролцоо юм. Аж Богдын нуруу нь Монгол Алтайн гол нуруунаас урагш салбарласан гурван нурууны дунд хэсэгт оршдог бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэлтэй сунаж тогтсон уулын систем юм. Нуруу нь ойролцоогоор 931,800 га талбай эзэлж, нийт хилийн урт нь 446 км орчим. Урт нь 87 км, өргөн нь 31–83 км хооронд хэлбэлзэнэ. Дундаж өндөр нь далайн түвшнээс дээш 2,900 м юм.

 

Эрээн нуур

Монгол Улсын Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг байна.Эрээн нуур далайн түвшингээс дээш 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбай эзэлдэг байна. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Хөвсгөлийг Монголын Швейцарь гэж ярьдаг бол говь нутгийн Швейцар нь Эрээн нуур юм аа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус маш тунгалагаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг ажээ. Аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэдэг нь өвөрмөц ертөнц юм.Нуураас баруун тийш 6 км зайд танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий болон арын их элсэн манханы орчинд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Урин дулаан цагт олон зүйлийн усны шувууд нуур усанд нь цуглаж, орчин тойронд нь таван хошуу мал багширч нуурын үзэсгэлэнг улам нэмнэ.

Шаахар толгой

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх жижиг хадтай толгойн зүүн урд энгэр дэх хад ан амьтан, аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагаар нэн баялаг. Мөн энд эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Энд хадны сийлмэл зурагт тохиолддог бүх дүрслэл байх ба онцлон авч үзвэл олноороо ан хийж буй анчдын дүрслэлд бүгд толгойдоо нэгэн адил арагш унжсан малгай өмссөн өөр хувцасгүй байгаа нь цэрэг эрсийг дүрсэлсэн байдалтай. Чоно, ирвэс сүүлээ өргөн харайж ан амьтныг хөөж буйг бодитой дүрсэлжээ. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан сэдэв, агуулгатай цаашид судалгаа хийх дурсгал юм.

 

 

 

 

 

 

Хангайн бүс

ХӨВСГӨЛ

Соёны бүс нутаг

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ''Мөнх сарьдаг'' уул бөгөөд 3491 метр өндөр.Соёны бүс нутаг нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий дахинд зайлшгүй хадгалан хамгаалах шаардлагатай хэмээн тодорхойлсон 200 эко бүсийн нэг бөгөөд биологийн олон янз байдал, амьдрах орчин, угсаатны олон янз байдлыг агуулж байдгаараа онцлог. Дэлхийд ховордсон тул загас, ирвэс, хүдэр, хүрэн баавгай, аргал угалз, хойлог шувуу, халиун буга гэх мэт амьтад нэг доор амьдарч буй бүс нутаг юм. Монгол орны хойморь төдийгүй олон улсын экологийн зүй тогтлын гайхамшигт бүс нутаг болно. 1990 оноос эхлэн олон улсын шинжээчид хоёр гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262.4 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм.

 

 

 

 

 

Даян дээрхийн агуй

Хөвсгөл аймаг Даяндээрхийн хүрээ. Урианхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн зааг Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 38 км орчим газар Дээрхийн гол , Үүрийн гол хоёрын бэлчирийн зүүн хойт талд Дээрхийн хавцлын ам хэмээх газар Үүрийн голын хойт дэнж дээр уг хүрээ оршиж байжээ. Даяндээрхийн хүрээ нь Цогчин, Чойр, Дарь-эх, Жүд, Мамба, Гүнрэг, Диваажин хурал, Диваажин шүтээн, Дүйнхор, Ядам , Даяндээрхийн ордон зэрэг сүм дуган шүтээнтэй байснаас гадна жасаа тамгын газар Хатгал, Хөхөө, Дархинт, Уялга, Архан, Эрэн зэрэг 6 харуулын захиргаа жасын гал зуух суварга хүрднүүд басхүү Амгалангийн пүүс, Сүхийн пүүс зэрэг худалдааны газрууд төвлөрсөн Хөвсгөлийн хязгаарын 6 харуулын шашин соёл, худалдаа эдийн засгийн томоохон төв байжээ.

Уушгийн өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Улаан толгойн буган хөшөө

Мөрөн хотоос 35 км-ын зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчимд нь нэлээн хэдэн 1 - 2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Уг буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрслэгдсэн нь ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм.

Дархадын 13 овоо

Овогийн байгуулал бий болж, хүмүүс хэсэг бүлгээрээ салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах, онцлох үүргийг ч бас “өөртөө үүрч”, өөрөөр хэлбэл өмчлөх санааг агуулсан тэмдэг болж, тиймээс ч эрхэмлэгдэж ирсэн түүхтэй байна. Бүр хожим хойно нутгийн зааг дээр, хоёр хошуу, отог аймгийн хил дээр босгодог болсон овооны эх нь чухамдаа тэр юм. Тийм овоог нааш цааш нь займчуулах, түүнээс болж маргаан мэтгэлцээн, дайн дажин болох нь ч цөөнгүй байж. Тиймээс овоог эрхэмлэн дээдлэн тахин шүтэх болсон ажээ. Иймээс овооны байдлаар тухайн ард түмний талаар олон зүйлийг мэдэж болно гэж түүх, судлаачид үздэг.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум руу явах замд Хорьдол сардагийн нурууны өмнөд хэсгээр буюу Өлийн Халзан даваан дээр Дархад ястны тахин шүтэн дээдэлдэг 13 овоо бий. Энэхүү 13 овоо нь уул ус, лус савдагтайгаа эртнээс харилцан шүтэж ирсэн бөөгийн ёс заншилтай холбоотой бий болсон гэж үздэг. Арван зүг, гурван цагийг шүтэн өргөл өргөн, амьдралаа даатган ирсэн дархадууд энэ тооны нийлбэр болох арван гурвыг дээдлэн шүтдэг учир хамгийн их байгалийн энерги бүхий газраа энэхүү 13 овоог бүтээсэн түүхтэй. 13 овоо нь цаатан урц маягийн хэлбэр бүтэцтэй ба зэрэгцээ босгосон чулуун хөшөө зэргээс дархад түмний аж амьдрал, ёс заншил, соёлын нэгээхэн хэсгийг олж харж болохоор ажээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хорьдол сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур түүний эргэн тойронд байгалийн үзэсгэлэнт газрууд их байхаас гадна дархад, цаатан ардын аж амьдрал соёлыг илтгэсэн дурсгалт газрууд их байдгийн нэг нь энэхүү 13 овоо юм.

Цаатны нутаг

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг. Тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг Тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Увс аймгийн Сагил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж, урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь Монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АРХАНГАЙ

Чулуутын гол

Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49', зүүн уртрагийн 100°15'-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.

Хоргын тогоо

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм.Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул төдийгүй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

 

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.Цэцэрлэг хотоос баруун хойд зүгт 175 км зайнд далайн түвшингээс 2060 м өндөрт байралдаг нуур юм. Нуурын талбай 61 км² орчим. Урт нь– 16 км, өргөн нь– 4 км юм.Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуут голд цутгадаг.Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

Суварга хайрхан уул

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3179 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн нутгийнхан ярьдаг, хойч үедээ захидаг юм.

Тамирын гол

Тамир гол буюу Тамирын гол нь Монгол дахь гол.Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.Хойд Тамир голын эхэнд байгалийн үзэгсэлэнт газрууд бий.

Булган уул

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт – хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 м, харьцангуй өндөр 280 м юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг.Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана.Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино.Дархан газрын умард хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно. Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, ганга зэрэг эмийн ургамал элбэг. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий.Үүний нэг нь Булган уулын энгэр,бэлд нь Монгол Улсын газрын зураг чулуун дээр өвөрмөцөөр тогтож байдаг явдал юм.Булган уул руу нэг удаа дээш гарахад 744 алхам алхалт хийгддэг бөгөөд 130ккал шатаадаг ажээ. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.

Тайхар чулуу

Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь анх гурвалжин хэлбэртэй байсан бөгөөд 17-р зуунд Галданбошигт хайрт хатан Анудаа зориулан чулууг дөрвөлжилсөн түүхтэй.Мөн дээгүүр нь чулуу шидэж давуулах эр хүний хүчийг сорьдог.

Хар балгас

Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна. Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улс (618-907)-ын үед холбогдох зүйл. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дуган сүм байсны ор олджээ.

Билгэ хааны цогцолбор

Тус байгууламж нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршидог. Үүнийг Зүүн Түрэгийн хожуу хаант улсын их хаадын нэг Могилян буюу Билгэ хаанд зориулж босгосон тахил шүтээний цогцолбор юм.Билгэ хаан 734 оны арван нэгдүгээр сарын 25-нд нас барсан агаад дараа жилийн зургадугаар сарын 22-нд тахилгын сүм барьж гэрэлт хөшөө босгожээ. Хөшөөний бичээсийн нэгдүгээр хэсгээс 3-24-р мөр хүртэл, хоёр дугаар хэсгээс нэгээс есдүгээр мөр хүртэл найман мөр Күль-Тегины бичээстэй үг утга, найруулга бараг тохирдог байна.Улаанбаатараас өрнө зүгт 400 шахам км зайтай Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамын бүлэг дурсгалын хамгийн эхэнд бий. Билгэ хаан 734 оны арван нэгдүгээр сарын 25-нд нас барсан. Дараа жилийн зургадугаар сарын 22-нд тахилгын сүм барьж гэрэлт хөшөө босгожээ. Хөшөөний бичээсийн нэгдүгээр хэсгийн 3-24-р мөр хүртэл, хоёр дугаар хэсгийн 1-9-р мөр хүртэл найман мөр Күль-Тегины бичээстэй үг утга, найруулга бараг тохирдог байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАЯНХОНГОР

Цагаан агуй

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршино.  Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна. Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-200 онд хийсэн 6 удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ.

Бичигт хад

Бичигт хад нь Баянхонгор аймгийн Баянлиг сум дахь сүг зургийн дурсгал.Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг.Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм.

 

 

 

 

Шатар чулуун хөшөө

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм.Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.

Түрэгийн үеийн бичээс

 Түрэгийн соёлын хамгийн гайхамшигт ололт бол Орхон-Енисейн бичиг хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэж, төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал билээ. Түрэгүүд хэдийгээр Нангиад мэт эртний өндөр хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж соёлын ололт амжилтаас нь багагүй зүйл авч хэрэглэсэн боловч хятдын дүрс үсгийг авсангүй, харин нүүдэлчдийн ахуй орчин, хэл соёлын өвөрмөц онцлогт яв цав нийцэж оюуны хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангахуйц өөрийн бичиг үсгийг зохион хэрэглэж байжээ. Нэлээд хожуу үеийг хүртэл Долоон мөрөн, Енисей орчмын нутаг дахь руни бичгийн дурсгалыг хамгийн эртнийх гэж үзэж байсан бол сүүл үеэс манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулууны гэдсэн дээр бичсэн бичгийг хамгийн эртнийхэд тооцох болжээ. Судлаачдын уншиж тогтоосноор энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм. Үүнээс үндэслэн Түрэгийн руни бичиг нь Төв Азид, тэр дундаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ. Олдож буй дурсгалуудын байршил ч үүнийг нотолдог. Энэхүү бичиг нь VII зууны хоёрдугаар хагаст үүсч улмаар ХII зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд аль нэгэн тодорхой нутаг орны чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн дэлгэрсэн байжээ.

 

 

 

 

Бугийн цавийн хоолой

Бүгийн цавын хоолой нь Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт байдаг.Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гараг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтдын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр Монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохын нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91,4 см юм гэжээ. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.

Шаргалжуутын халуун рашаан

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм. Энэ цогцолборт рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, өдөрт 6 удаа хоол цайгаар үйлчлэх хоол зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж бар /их гэр/, жуулчны бааз зэрэг байдаг.Далайн түвшнээс дээш 2150 метрийн өндөрт, Хангайн нурууны өвөр хэсэгт Шаргалжуутын хөндийд байрладаг. 40-96 градус 300 гаруй булагтай, 10 га талбайг хамран урсдаг Монголын хамгийн том рашаан орд юм. Шаргалжуутын рашааныг анх 7-р зуунд Хиргисүүд өвчин эмгэгээ анагаан илааршуулахад хэрэглэж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 17-р зуунд Ламын Гэгээн зэрэг Монголын ихэс дээдсүүд Энэтхэгээс эрдмийн хүн урьж авчиран 3 даян хийж судлан эмчилгээний боть гаргаж анх системтэйгээр эмчилгээ үйлчилгээнд ашиглаж ирсэн. 1954 онд Нэгдэл дундын амралт нэртэйгээр сувилал үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 63 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

 

 

Их Богд уул

Их Богдын нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр Их Богд уул, түүний салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд үзэсгэлэнт газрууд байдаг. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь Их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨВӨРХАНГАЙ

Арц богд

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц Богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан Богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц Богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

Хужиртын рашаан

Өвөрхангай аймгийн нутаг дахь Хужиртын рашааныг үе мөчний өвчинд гаргууд сайн. Энэхүү рашааныг урьд цагт эмчилгээний эрхэм чанартай гэж нутгийн ардууд мэддэггүй, жирийн нэг булаг л гэж боддог байсан бөгөөд үүнтэй холбоотой нэгэн домгийг энд өгүүлье. Энэ булгийн усанд нэгэн доголон гөрөөс өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Сүүлдээ өнөө доголон хөл нь бүрмөсөн эдгэрснийг нь тэр хавиар нутагладаг Шунхлай гэдэг хүн анх ажиглаж, нутаг усныхандаа хэлснээр нутгийн хүмүүс үе мөчний өвчинг анагаах увидастайг нь мэдэж тэр цагаас хойш "Шунхлайн рашаан" хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Хожим нь оршин байгаа газраар нь Хужиртын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна. Хужиртын халуун рашааныг түшиглэн 1940 онд 40 ортой рашаан сувиллын газар нь анх нээгдсэн. Энэ нь дотоод гадаадын олон жуулчдын амрах дуртай сувиллын тосгон болж өргөжсөн.

Монгол түмний морины их шүтээн

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.

Хархорум хот

Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж нийслэл хот болгосон. Хубилай хааны үед барин дуусгажээ. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил буюу 1235 оны хавар Хархорум хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны улаан бичин жилийн цагаан сараар буюу 1236 онд олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан.

Эрдэнэ зуу хийд

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.126 суваргатай. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

Тэвш уул

Өвөрхангай аймгийн Богд сумын дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон Тэвш хэмээх хар уул бий. Энэ уулын эргэн тойрон эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуусан амьтан хонхойлон цохиж дүрсэлснээс хээлтэй янгирыг гэдэс томтой, бугыг илийтэй дүрслэж, үхэр адууны эр хүйсийг онцлон дүрсэлжээ. Аж ахуйн холбогдолтой зургуудад үхэр малд нуруу ачсан юм уу ямар нэг зүйл чирүүлсэн, тэмээ морийг хүн хөтөлсөн, үхрийн хамарт дүр зүүсэн, морьтой явган хүмүүс адуу тууж яваа байдлаар дүрсэлсэн нь малыг гэршүүлж эдэлгээнд сурган ашиглах болсныг өгүүлнэ. Энэчлэн амьтдыг хашаа бусад хорионд оруулж буйгаар, морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьснаар, янгирыг нум сумаар харваж байгаагаар зурсан мэтчилэнгийн ан гөрөө, аж ахуйн сэдэвт зургуудыг энд олонтаа үзэж болно.

Төвхөн хийд

Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Бат-өлзий сумаас хойш 20 км зайд Орхоны хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм.1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ "Дубхан" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар "Төвхөн" гэгдэх болсон түүхтэй. Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа соёмбо үсгийг зохиосон.Хийд Халх-Ойрадын самуунд өртөж, 1688 онд сүйтгэгдсэн бөгөөд 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан нь 1939 онд Их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалджээ.1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд 1997 онд сэргээн засварлалтын ажил өндөрлөсөн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БУЛГАН

Хөгнө тарна байгалийн цогцолборт газар

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар.Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолбрын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ. Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг. Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.

 

 

 

Уран тогоо уул

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог.Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм.Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Шивээт улааны цогцолбор

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт, сумын төвөөс 25 километр зайд Хануй, Хүнүй хоёр голын цутгалангийн харалдаа голын хойд талд орших Шивээт улаан гэдэг жижиг толгойн орой дээр байдаг.  Түрэгийн сүүл үед хамаарах Элтерес цолтой Кутулук хааны дурсгал юм. Энд хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байжээ. Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг. Энэхүү цогцолборын чулуун дурсгалуудаас нилээдийг Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт сумын төв рүү музейн зориулалтаар зөөвөрлөсөн байсныг буцаан байрлуулах ажил хийгдэж байгаа юм байна.

Хар бухын балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зуунд илрүүлсэн ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.Хотын туурийг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.

 

 

 

Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.1890-ээд оны үед монголоор жуулчилж явсан Оросын жуулчин А.Позднеев Чинтолгойн балгасыг үзэж, түүний хэмжээ болон, хэлбэр хийцийн талаар товч мэдээллийг хэвлүүлсэн. Энэ хотын туурь нь Улаанбаатар хотоос баруун тийш 200 км зайд орших ба 1260 х 680 м хэмжээтэй, бараг зөв тэгш өнцөгт хэлбэртэй.[1]Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Кидан Ляо улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чанчунь бомбо үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.

Бий булгийн балгас

Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан. Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

Могойн шинэ ус

Могойн шинэ ус гэж Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна. Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

 

ОРХОН

Зэрэглээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Эрдэнэт хотоос зүүн урагш 25км зайд, Чингэл гэдэг жижиг голын хойд эрэг дагуу орих араараа модтой толгод, тэгш дэвсэгүүдтэй 10 км үргэлжлэх газрыг Зэрэглээ хэмээнэ.  Чингэлийн голын хөвөөгөөрөө Булган аймагтай хиллэдэг. Голын урд эрэг нь өндөр толгой, модтой уулын ар хэсгээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй газар байдаг. Энэ газрын гол онцлог нь голын хойд хэсгийн дэвсэг толгодууд нь түүхийн үл хөдлөх дурсгал болох хүрэл ба төмрийн үе (НТӨ I-III), Түрэгийн үе (YI-YIII), дундад зууны  (XII-XY зуун) үеийн булш, хиргисүүр, зэл чулуу (балбал), тахилын онгонууд элбэг байдаг.  Олон эрин үе, зуунд хамаарах дурсгалууд нэг дор олноороо зэрэгцэн оршдог нь тус газрын гол онцлог бөгөөд 40 гаруй дурсгал байдаг. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтанд авсан байна.

Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар

Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн. Энэхүү бүлэг дурсгалыг 2007 онд анх музейн ажилтан Л.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, П.Баярбадрах нар нээн илрүүлж, анхны тодорхойлолт, хар зургийг үйлджээ. Энэхүү дурсгал нь аймгийн үл хөдлөх дурсгалын 2010 оны тооллогоор Хүннүгийн үед хамрах дурсгал байх магадлалтайг тогтоож Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Д.Даваацэрэнгийн хүсэлтээр аймгийн хамгаалалтанд 2010 онд авсан байна. 2014 онд Монголын үндэсний музейн хөрөнгө оруулалтаар, 2015 онд аймгийн хөрөнгө оруулалтаар малтлага хийж Хүннүгийн хожуу үе буюу Сяньбигийн үед хамаарах булш гэдгээрээ Монголын археологийн салбарт томоохон байр эзлэх дурсгал болохыг тодорхойлжээ.

Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөр мэт харагддаг. Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алс зайнаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхолтой юм.

 

ТӨВИЙН БҮС

СЭЛЭНГЭ

Амарбаясгалан хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж, тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагтай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандрын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай байжээ.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207 м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.[1] 1943 онд хийдийг улсын хамгаалалтад авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн юм.

Соронзон хад

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Соронзон хад нь Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон тогтоцтой хад юм. Эрт үеэс шүтэн биширч ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчингөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг байна. Ингэхийн тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилж иржээ. Энэхүү хад нь харахад бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон татаж аван өөртөө наалдуулдаг. Цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог байна. Энэ хаданд үнэхээр их байгалийн хүч энерги байгаа ажээ. Сүүлийн үед Соронзон хад олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюулд тулаад байгаа ажээ. Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал яахын аргагүй мөн. Уг Соронзон хадны доогуур Төмөртэй гол урсана.

 

 

Хувьсгалын өлгий Алтанбулаг

1921 оны ардын хувьсгалын өлгий болсон Алтанбулаг сум нь Сэлэнгэ аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 345 км ,аймгийнхаа төвөөс 25 км зайд баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумдтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай(ОХУ) хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий ойт хээр буюу худалдаа арилжаа наймаа, мал аж ахуй болон, төмс хүнсний ногоо, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэл Улаан баатартай холбосон олон улсын чанартай 25 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг.Сумын төвд 5 км сайжруулсан замтай бөгөөд Хөдөөгийн баг сумын төв хоорондоо шороон замаар холбогддог.

Халуун рашаан

Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ар илчлэхийн голын дунд хэсэгт 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан юм. Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан болно.Энэхүү #халуун рашаан нь Карбонат, сульфат, натрийн найрлагатай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг. Халуун рашаан нь том жижиг 3-н худагтай ба том нь хамгийн халуун. Худагнуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн болгож янзалсан байдаг.Халуун рашаан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн бага хэмтэй нь шаварлаг бөгөөд 40 хүрэхгүй хэмтэй. Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий 4 хүн хэвтээгээр багтах хэмжээтэй өмнөхөөс илүү хэмтэй юм. Хамгийн халуун буюу 3 дах хэсэг нь 42 орчим хэмтэй. Эдгээр 3 хэсэг нь хэдхэн алхмын зайтай байрладаг. Өвлийн цагт мөстөж, халтирах аюултай. Рашаанд явахдаа усны хувцас, ванны том алчуур эсвэл ванны халат, Монгол дээл, тавчик гэх мэт авч яваарай.Зам өвөл очиход багагүй бартаатайОффрөүд тоногтой эсвэл өндөр тэнхлэгтэй жийп (дугуйнд цэйптэй, winch -тэй байх) машин болон аялалын зориулалтын 4х4 6х6 том машинтай очвол тохиромжтой. Сүүлийн 10 гаран км зам нь маш их бартаатай бөгөөд дугуйндаа цэйптэй биш бол тун хэцүү. Учир нь газар хөлдөөгүй үед самар түүдэг, мод зөөдөг урал 31 машинуудын явсан мөр шаварт суусан ховил, өндөр тэнхлэгтэй машины явсараар зам хөлдсөн байх тул суудлын  тэргэнд хүндрэл ихтэй. Мэдээж тэр бартааг давж гарсны дараа очиход маш таатай халуун рашаанд тухлах боломж нээгдэнэ.

 

 

 

Тужийн нарс

Тужийн нарс -Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг 65548.56 га талбайтай Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолбор газар. Далайн түвшнээс дээш 620 гаруй метрийн өндөрт буюу Монгол Улсын хамгийн нам дор газар байрладаг энэхүү нарсан ой нь өөрөө агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг байна. Нарс мод нь 200-300 жил наслах чадвартай бөгөөд 10 метрээс дээш өндөр ургадаг байна.Тужийн нарс байгалийн цогцолбор газрын  нутаг нь Орхон Сэлэнгэ мөрний бэлчир орчмын нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг. Тужийн нарс орчмын нутаг нь Монгол орны уур амьсгалын мужлалаар хахир хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай мужид багтана. Өдөр нь их халах, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур чийг дутмаг байх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалын шинж тод илэрдэг.

Дуут хад

Дуутын хад буюу Дуут хад / Цогтын хадны бичиг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Монголын эх оронч Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад юм.Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш Тарамцагийн уулсын төгсгөл Хутаг уулын өвөрт халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. Дуут хад хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм.

Сайханы хөтөл

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай, Монгол-Оросын хил орчимд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх.Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгал нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.Д.Сүхбаатар жанжныг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдсан хууч яриатай уг хөтөлийг хилийн цэргүүд сайхан тохижуулжээ. Тэд хосын модны дэргэд сандал тавьж, Сайн эрсийн хээрийн гэрт чулуугаар ширээ, сандал, тулга хийсэн байна. Түүнчлэн алсыг тольдох тавцанг хадан дээр засаж, ширээ сандал байрлуулжээ. Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг тул Чингис хаан Хулан хатанд зориулсан дурсгалын хөшөө бүтээж, мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.

 

 

ДАРХАН-УУЛ

Тахилгат их дархан уул

Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд дүнхийх 1239 м өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана. Урьд цагт Дархан уул нь буга согоо, хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ. Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус уулыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтад аваад байна.

Дурлалын мод

Дархан-Уул аймгийн нутагт Зулзаган голын амралтын бүсэд очих зам зуурт нарсан ойн дундуур явсан шороон замын дэргэд байдаг. Хоорондоо орооцолдож ургасан байдаг бөгөөд эр хүнийг бэлгэдэх мод нь арай өргөн, хүрэн өнгөтэй бол эм хүнийг бэлгэдэх мод нь арай нарийхан гоолиг, цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Хос модны дэргэд нутгийнхны босгосон жижиг овоо байдаг. Тэр овоонд ганц бие гэрлээгүй залуучууд “сайн хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөдөг уламжлалтай.

Шарын голын зосон зураг

Сэлэнгэ аймгийн нутаг Дархан хотоос хойш 25 км орчимд Шарын голын хойд хөндийд орших жижиг нуурыг Цагаан нуур гэнэ. Нуураас зүүн тийш 5 км орчимд Шарын голын хөндий руу хойноос нь төрж орсон хадтай жижиг уул буй бөгөөд урд баруун хормойгоор нь дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш 20 гаруй тааралдана. Тэрхүү уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд эрт үед гурван хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окпадников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ.

 

Буурал уулын булш

Монголын эзэнт гүрний үеийн 27 булш Хонгор сумын төвөөс хойш орших Их буурал уулын өвөрт бий. Энэ уул нь 1007 м өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Булш хиргисүүр ухаж төнхөх явдлыг Монголчууд эрт дээр үеэс цээрлэн хориглож ирсэн уламжлалтай.

Дүрс нарс

Өөлд-Халхын дайны үед Өөлдийн Шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж, Дондов ламд хандахад тэрээр: "Би чадлынхаа хэрээр нутгийнхаа ард түмэнд тусалъя. Миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье" гэж хэлээд бумбанд байсан рашаанаас Өөлдүүдийн ирж буй баруун зүг рүү цацаж, гүшээ тэр зүгт хаяв. Рашаан цацсан гүш /өвс/ нь ногоон мод болж, рашаан дусал бүр нь олон мянган ургаа хад болж, түүнийг харсан өөлдийн цэргүүд "Өндөр гэгээний их цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ" хэмээн айн сандарч зугтсан гэдэг. Иймээс энэ модыг дүрс нарс гэж нэрлэсэн бөгөөд нутгийн ардууд өнөөг хүртэл тахисаар ирсэн байна.

Лам Дондовын рашаан

Хонгор сумын Салхит багийн урд талд орших Эрхэт хайрхан уул, Хараа гол хоёрын дунд ходоод, гэдэс, дотрын өвчин анагаадаг рашаан бий. Эрт дээр үеэс нутгийн хүмүүс зуны дэлгэр цагт энэ рашаанаас хийж, чанар сайтай шимийн архи гарган авдаг байжээ. Эрхэт уулын өвөрт Дондов нэртэй зурхайн номтой лам байсан бөгөөд тэрээр энэ рашаанаас байнга уудаг байснаас ийнхүү түүний нэрээр нэрлэсэн ажээ.

Хүйтний голын хадны бичээс

Хүйтний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол дөрвөлжин бичгийн бичээсүүд нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг нь бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсийн ерөнхий утгыг тоймловол: "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр /дурсгал/ болгон бэлэгдэж, тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа..." гэжээ. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

TӨB

Манзушир хийдийн туурь

Манзуширын хийд Монгол Улсын Төв аймгийн Зуунмод хотоос холгүй байдаг, Бурханы шашны хийд юм. Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн түвшнээс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын урд энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.

Хустайн байгалийн цогцолборт газар

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нурууны 506 км² талбайг хамарсан байгалийн цогцолборт газар юм. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино.Монгол Улсын УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгожээ.Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байна.

Гүнжийн сүм

"Гүнжийн сүм" нь Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд 1740 онд Халхын Түшээт хан аймгийн дархан чин ван Дондовдорж, өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан бунхан юм.Монголын Дондовдорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаварыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байна.

Зоргол хайрхан уул

Зорголхайрхан уул нь 1668 м өндөртэй бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зорголхайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна. Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг, онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул, ус мод, ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно.

 

Чингис хааны морьт хөшөө

Их эзэн Чингис хааны морьт хөшөө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг. Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг аж. Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, ихэмсэгээр алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ. Чингис хаан бол монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, азийн ихэнх улс орнуудыг эзэлж байсан Монголын эхний их хаан юм.Хөшөөний өндөр ойролцоогоор 30 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан маягийн суурь барилга дээр байрлана. Үүгээр тус хөшөө нь одоогоор дэлхий дээрх хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогдох ба түүнийг баригдах хүртэл энэхүү дээд амжилтыг эзэмшиж байсан Уругвайн морьт хөшөөнөөс даруй 2 дахин өндөр байна (мэдээ: 2011 он). Хөшөөний нээлтийн ажиллагаа нь 2008 оны есдүгээр сарын 26-нд зохион явагдсан ба уг хөшөөг нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээжээ. Барилгын нийт өртөг нь 4,1 сая орчим америк доллар болсон аж.

Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Цогт хунтайжийн хадны бичээс 17 дугаар зууны монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг. Уг шүлэг нь долоон бадаг байдаг. Цогт тайжийн хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан Халуут эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Шүлэгт "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байна.Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулсан.Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Дуут” хад хэмээн нэрлэдэг энэ байгалийн тогтоц гаднаа хар боловч дотроос нь цагаан сараал өнгө гарч ирдэг өвөрмөц сонин тогтоц бүхий хадан дээр Цогтын хунтайжийн хадны бичээс самбар дээр цагаан цэрдээр бичсэн юм шиг тодрон харагддаг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГОBbСYМБЭР

Чойрын Богд уул

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн Чойр хотоос зүүн урагш далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн уул юм. Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Түшээт ханы Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг.Баруун Чойр нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж бичсэн мэргэд олон төрж гарчээ.

Цагаан дарь эх

Цагаан дарь эх бол Бурханы шашны хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэдэг бурхны шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхдын нэг юм.Бурханы шажинд 21 Дарь Эх байдаг бөгөөд үүнээс 5 Дарь Эхийг голлон үздэг.

1.    Цагаан дарь эх

2.    Ногоон дарь эх

3.    Улаан дарь эх

4.    Шар дарь эх

5.    Цэнхэр дарь эх

Дарь эх–Тара гэдэг үг санскритийн (Sita Tara) три-гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд хорвоогийн зовлон энэллийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гаргагч гэсэн утгатай юм. Төвөдөөр “Долгар”, англиар “White Tara” хэмээн нэрлэдэг.

Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү харьцуулашгүй аугаа хүчтэй гэдэг.

Дагвасүндэл бурхан

Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.

Хүүхдийн овоо

Анх нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь Хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж ирсэн.Овооны тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Одоо цагт хүмүүс чулуун тоглоомын гэр дугуйлан барьж шүтсээр байна. Энэ нь хүүхдүүдэд болон түүний дотроос айлын ганц хүүд маш сайн гэж хэлэлцдэг. Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ аз жаргалтай амьдруулах, буян заяаг нь даатгаж сүслэн залбирдаг байна.

Дугар мээрэнгийн  хөшөө

Дугар мээрэнгийн хөшөө нь Говь-Сүмбэр аймгийн нутагт орших Чойрын Богд уулын энгэрт байрлах түүх, соёлын ач холбогдол бүхий дурсгал бөгөөд Манжийн үеийн нутгийн захиргаа, цэргийн зохион байгуулалтад оролцож явсан Дугар мээрэн хэмээх хүнийг хүндэтгэн дурсах зорилгоор босгосон гэж үздэг, “мээрэн” гэх нэршил нь тухайн цаг үед ноён, захирагч шинжтэй албан тушаалыг илэрхийлдэг байсан ба уг хөшөө нь зөвхөн нэг хүний дурсгал төдий биш нутгийн ард иргэдийн түүхэн ой санамж, аман домог, шүтлэг бишрэлтэй нягт холбоотой, Чойрын Богд уул орчмын Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, хадны сүг зураг, бурхан шүтээний дурсгалууд зэрэг бусад түүх соёлын өвүүдтэй хамт нэгэн цогц орчныг бүрдүүлж, байгалийн өвөрмөц тогтоц, түүхэн дурсгал хоёрыг хослуулсан аялал жуулчлалын чухал бүс болж хөгжсөн бөгөөд жуулчид болон судлаачид тус газрыг зорин очиж тухайн нутгийн түүх, соёл, шашны ул мөрийг судлахын зэрэгцээ нутгийн иргэдийн хувьд тахин шүтэх, хүндэтгэн дээдлэх бэлгэдэл болсон онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Цоорхойн рашаан

Чойрын богд уулнаас баруун тийш уулын хормойд тал газарт Цоорхойн рашаан  байдаг. Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан  байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээн нутгийн иргэд амны усандаа хэрэглэж иржээ.Нутгийнхан рашаан хэмээн дээдэлж магнайдаа хүргэн амсдаг нь ариун дагшин байгалиа хайрлаж ирсэн уламжлалтай. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авжээ.

ЗҮҮН БҮС

ХЭНТИЙ

Бурхан Халдун уул

Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг "Халдун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж "Бурхан Халдун" болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд "бурхан" гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ. Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм[3]. Түүнчлэн 2015 оны 6-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

Балдан Бэрээвэн хийд

Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт Балданбэрээвэн хийдийг анх 1777онд байгуулжээ.Арын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Тус хийд нь Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ дөрвөн сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан.Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000 ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд зарим нэг өөрчлөлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан.

Чингисийн гэрэлт хөшөө

Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо 1962 онд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон хөшөө юм. Уг хөшөөний загварыг уран барималч Л.Махвал зохиож 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, 4 метр зузаантайгаар хийж оройн хэсэгт Монголчуудын эртнээс нааш бадран мандахын билэг тэмдэг гэж үзэж ирсэн галыг  бадамлан асаж буй хэлбэрээр дүрсэлсэн. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төрхтэйгөөр сийлж, баруун дээд хэсэгт төрийн цагаан сүлдийг дүрслэн, Чингис хааны зүүн талд нь “Алд бие мину алжааваас алжаатугай. Аху төр мину бүү алдартугай” хэмээн хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Хөшөөний ар талд “Монголын тулгар төрийг байгуулсан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулав” гэсэн бичээс байдаг.

 

Дэлүүн болдог

Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлжээ. Өдгөө Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг нэгэн болдог (дов, гүвээ)-ийг мөн гэлцэж тахин шүтээд чандлан сахидаг.Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.

Хар зүрхний хөх нуур

Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хан сууринд залсан. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

 

Хэрлэнгийн хөдөө арал

Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур байдаг. Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдаг бөгөөд энэ долоон толгойг нутгийн ардууд долоод гэж нэрлэдэг байна. Долоодыг судлаачид "Монголын нууц товчоо"-нд гардаг "Долоон болдог" гэж үздэг. Энд "Монголын нууц товчоо"-г бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь "Монголын нууц товчоо"-ны төгсгөл үгийг сийлсэн байдаг байна.

Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд Өглөгчийн хэрэм оршдог.Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Уг хэрэм ойролцоогоор гурван километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан гэхээр оромтой аж. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд бий. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй юм. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан хэмээн таамагладаг.

Рашаан хад

Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлана.Рашаан хадны дурсгалт газрыг анхлан Х.Пэрлээ олж илрүүлэн судалгааны эргэлтэд оруулжээ. Тус сууринд чулуун зэвсгийн малтлагыг анх 1974 онд Х.Пэрлээ хийж улмаар МЗТСХЭ-ийн анги 1980, 1981 онд бага хэмжээний туршилтын малтлага хийсэн. 2011-2014 онд Монгол-Солонгосын хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги тус сууринд ажиллаж малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон. Рашаан хадны суурин нь палеолитын дээд шатны эхнээс мезолит, неолитын үе хүртэлх олон соёлт давхарга бүхий томоохон суурин юм. Дээд палеолитын үеэс эхлэн дундад эртний үе хүртэлх олон мянган эд өлгийн зүйл малтлагаар илэрсэн байдаг. 2011-2014 онд хийсэн малтлага судалгааны дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон байна. Тухайн жилүүдэд хийсэн малтлага судалгааны дүнд 7800 орчим чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон.Чулуун зэвсгийн дурсгалаас гадна Рашаан хадны цохио хаднаа палеолитын үеэс дундад эртний үе хүртлэх хугацаанд холбогдох хадны зураг, тамга тэмдэг, олон хэвийн бичээс сийлээстэй байхаас гадна энгэр, ээвэр газраар булш, тахилгын байгууламж зэрэг археологийн дурсгал нэн элбэг.

Дуурлиг нарсны Хүннүгийн булш

Дуурлиг нарсны дурсгал нь Монголын зүүн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал.Дуурлиг нарсны дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн өмнөх нарсан ойд тархсан Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энд нийт 299 булш тоолж бүртгэснээс дийлэнх нь үүдэвч бүхий язгууртны булшнууд ажээ. Дуурлиг нарсны булшнуудыг Хүннү гүрний зүүн жигүүрийн ихэс язгууртны оршуулга хэмээн таамагладаг.Үүдэвчтэй булшнууд нь хэмжээгээр харилцан адилгүй. Хамгийн том нь оршуулгын газрын зүүн хойд захад байрлах бөгөөд түүний гол байгууламжийн хэмжээ 40х40 м, үүдэвч нь 60 м орчим урттай юм. Үүдэвчтэй булшны жижиг нь 5х5 м орчим хэмжээтэй, 5 м хүртлэх урт үүдэвчтэй байна. Оршуулгын газрын ихэнхи булш 10-15 м, 20-25 м орчим хэмжээтэй ажээ. Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой юм. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, толь, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг олон төрлийн олдворууд илэрчээ. Олдворууд дунд Хятадын Хан улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс байжээ. Мөн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор гарсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна.

 

СYХБААТАР

Алтан овоо

Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт уул. Мөн Дарь Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг.Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100 м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 17-р зуунаас нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгж 4 жилд нэг удаа тахидаг болмон юм.Алтан Овоо баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр хайрхнаас газар хүргэлгүй залж авчирсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина.Алтан овоонд бүсгүй хүн гарахыг олон жилийн өмнөөс цээрлэж ирсэн байна, иймд тэд бэлээр нь тойрч гороолж санасан хүслээ шивнэдэг ажээ.Дарь овоо, Ганга нуур хоёрын нэрийг нийлүүлэн холбож Дарьганга сум, нутгийн нэрийг өгсөн байдаг юм.

 

Шилийн богд

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т д.т.дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн Богд уул юм. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил" "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ.Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан шиг шовгор харагддаг.

Монголын хүн чулууд

Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил 1889 оноос эхэлсэн гэж үздэг. Манай улсын бүх аймгийн нутгаас хүн чулууны дурсгал олдсон бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй хүн чулуу бүртгэгдээд байгаа юм байна. Эдгээр дурсгалуудыг түүх, соёлын хамаарал болон он цагийн хувьд нь хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Эхнийх нь Монгол орны төв болон баруун талын нутагт олдсон VI-IX зууны үед холбогдох Түрэгийн үеийн хүн чулуу, нөгөө хэсэг нь зүүн талын нутгаар зонхилон байх XIII-XIV зууны Их Монгол Улсын үеийн хүн чулуу юм. Түрэгийн үеийн хүн чулуу нь тооны хувьд дийлэнх хэсгийг эзэлдэг.

Таван толгойн археологийн цогцолбор

Өнөөгийн байдлаар археологичид нийт нутаг дэвсгэрт Монголын эзэнт гүрний үеийн 200 гаруй булшийг малтан судалсан байна. Түүний нэг ньСүхбаатар аймгийн Онгон сумын нутагт XIII-XIY  зууны үед хамаарах Таван толгойн цогцолбор гэх булш оруулгын дурсгал юм.  Энэхүү Таван толгойн цогцолбор дурсгал нь Монголын дундад эртний түүхийн судалгаанд чухал байр суурьтай.Тус дурсгалыг алдаршуулсан цагаан гантиган хос хөшөөг 1981 онд ахмад археологич Д.Баяр илрүүлсэн түүхтэй. 2000 оноос МУИС-ийн профессор Д.Наваан булшнуудын малтлага судалгааг эхлүүлснээр “урлагийн бүтээл”-ийн хэмжээнд тооцогдох үнэт тансаг эдлэлүүд гарч эхэлсэн юм.

Ганга нуур, Оргихын булаг

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад оршдог.  Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтанд авчээ. Ганга нуурын эрэг дагасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл бүхий улаан бургасанд хун шувуу зай завсаргүй ирж буухаас гадна цэн тогоруу ирнэ.Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ. Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ.  Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж,  Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.

Хунгийн чуулган

Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ. Гэвч Ганган нуур мөхөхийн даваан дээр иржээ. Сүүлийн жилүүдэд нөгөө л дулаарал, цөлжилт, уул уурхайн хөгжил, хулгайгаар мод бутыг нь огтолсноос үүдэн нуурын ус эрс татарч, 21 булаг нь цөөрч, зарим жил хун шувууд чуулахгүй болсон гэж ч ярьдаг болжээ. Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ.  Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж,  Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.

Егүзэрийн хийд

Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг 4 тахилгат уулын дунд байрлажээ. Оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулжээ. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байжээ. Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхийгээр баригджээ. Орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, Монгол загварын барилгуудтай байжээ. Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байжээ. Их бага жастай байсан бөгөөд жасын хашаанд 6 ханатай том гэрт 8 тотго бүхий тулга тулж, түүн дээр 4 бариултай том тогоо тавиастай байв. Энэхүү тулга тогоо нь жил бүр Егүзэрийн хийдийн тахилга үйлддэг гал голомт байжээ. Цогчин дуганы үүдэнд өөд өөдөөсөө харсан 2 сүм байсан бөгөөд зүүн сүмийн урд “жинлүү” хэмээх хонх, баруун сүмийн өмнө “гүнлүү” хэмээх том хэнгэрэг байрлуулсан байжээ. Эдгээрийг өглөө, үдшийн цагийг зарлах, дохио өгөх зэрэгт хэрэглэнэ. Сэрдэн хэмээх сүмд тус хийдийн эзэд Егүзэрийн шарилуудыг занданшуулж, шилэн хоргон дотор бунхалдаг байв. Гэсэр сүм нь Лаврин сүмийн ард байрлах ба түүний баруун зүүн талаар лам нарын хашаа байшин гэрүүд эгнэж, зүүн баруун өмнө талаар сүсэгтэн олон, ядуу ардын гэрүүд эгнэж байжээ. Егүзэрийн хийд урьд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байжээ. 1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Галсандаш байжээ. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болжээ. Егүзэр хутагт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Алс холын аймаг хошуудаас хус, улиас, бургас авчран тариулж, газар хагалж тариалан эрхэлж байжээ. Буга согоо, тарвага, тагтаа авчран үржүүлж, улмаар тус хийдэд 21 зүйлийн амьтан бүхий хүрээлэн байгуулжээ. Егүзэр хутагт өөрөө илжигнээс эхлээд 50 гаруй толгой жижиг биетэй адууг Богдоос авчирч тэжээж байсан гэдэг. Нэхмэл хивс, цаас, шаазан ваарны үйлдвэрүүд хүртэл байгуулжээ. Мөн Оросоос мэргэжилтнүүд ирүүлж хайгуул шинжилгээ хийлгэн газрын хөрсний баялгийг хүртэл судлуулж байжээ. Гадаад орны худалдаачидтай малын ноос худалдаалах гэрээ байгуулж төр шашны хэрэг эрхлэх эдийн засгийн чадавхаа байнга сайжруулж байжээ. Егүзэрийн хийд 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байжээ. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол ардын намын үүр байгуулах хурал болжээ. Мөн түүний дараагаар Егүзэрийн хийд дээр 1923 онд Гаалийн хороо, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний эвлэлийн түр хороог тус тус байгуулсан байна. Энэ бүхэн нь тухайн үед Егүзэр хутагт болон Егүзэрийн хийд Монголын зүүн хязгаар нутагт маш нөлөө бүхий байсныг гэрчилж байна. 1930 оны 9 дүгээр сард Егүзэр хутагтыг хувьсгалын эсэргүү хэмээх хилс хэрэг тулгаж, өөр 7 хүний хамт буудан хороожээ.

ДОРНОД

Чингисийн хэрмэн цав

Чингисийн хэрмэн цав — Монгол улсын нутагт "Чингисийн далан", "Чингисийн зам", "Чингисийн хэрэм" нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.Энэ хэрмийн урт нь 500-600 км. Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан бололтой 40x50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хүндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхно буй "Дөрвөлжин буудал", "Улзын өндөр довын энгэрийн хэрэм", Могойн адгийн хэрэм, өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв.Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй. Харин заримаас ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.

Хэрлэн Барс хотын туурь, цамхаг

Хэрлэн Барс хот нь Монгол оронд байгаа Киданы үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 86 км-т, Хэрлэн голын эрэгт оршино.Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.Хэрлэн Барс хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмны дүрс олон гарчээ. Хэрлэн Барс хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидань улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бөгөөд Кидан улсад Буддын шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна.

 

 

Буйр нуур

Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.

Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог.Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.

Их бурхант чулуун бурхны цогцолбор

Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий. Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х_Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа “Их бурхант”-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.

 

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

Төв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий. Энэ дурсгалын сонгодог жишээг танилцуулж байна. Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг. Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна. Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхэгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн хувцаснаас ялгаатай. Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.

Хамар даваа дээрх ялалтын хөшөө

Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халхголын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна. Баянцагааны нуруун дахь ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. М.П.Яковлев 1903 онд Сибирт төрсөн орос хүн. Түүхнээ Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулсан юм. 1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулеметоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ.М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаар сүрлэг хөшөө босгож хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана боссон нь Монгол Оросын найрамдал танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болгон хан тэнгэрт гялалзаж байна.Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. Энэхүү хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж БНМАУ-ын Засгийн газрын шйидвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.

 

Вангийн цагаан уул

Вангийн цагаан уул нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хилийн наахна оршдог уул. Далайн түвшнээс дээш 1,099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ. Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидаг.Вангийн цагаан уул Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хилээс 36 км-т оршдог бөгөөд эртнээс тахиж ирсэн тахилгатай уул юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говийн бүс

ӨМНӨГОВЬ

Говь гурван сайхан

Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайханы нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан.Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь Гурвансайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.

Баянзаг

Баянзаг (Өөр нэр нь Улаан Эрэг) — Өмнөговь аймгийн Булган сумаас. зүүн тийш Арц богд уулсын. дагуух Говийн уулархаг бүст хамаарах уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар. Палеонтологийн ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Мөн үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон.Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг Цав гэдэг. Арай өндөрлөг газрыг нь Цонж гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 метр хүртэл байдаг. Тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд Ширээ шавар.Тэмээ шавар гэх мэтээр нэрлэгддэг газрууд бий. Заг.[5] модон ойтой учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Заг мод 2 метрээс илүү өндөр ургах нь ховор бөгөөд мөчир нь янз бүрийн байдлаар мурийж тахийж ургадгаараа онцлог. Хамгийн илчтэй мод учраас говийнхон “Ургаа нүүрс” гэж нэрлэдэг.

Нэмэгт, Хэрмэн цав

Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.  Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм

Галбын говь

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамрах бөгөөд Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай нутаг билээ. Нутгийнхан “ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говийн унаган төрх аль хэдийнэ алдагдаж, Оюутолгойн ордыг түшиглэн суурин газрын шинжтэй болж өөрлчлөгдөн Галбын говийн алтарсан сайхан улаан шаргал өнгө нь аль хэдийнэ гундаж эхэлжээ. Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, Борзонгийн говьтой төстэй. 100 гаруй км урт сунаж тогтсон говийн ухаа гүвээ, элсэн манхан, хуурай сайр бүхий нутаг. Хуурай сайруудаараа өтгөн шигүү хайлаас, тооройн төгөлтэй. Мөн заган ой, баян бүрдүүд байна. Эндхийн баян бүрдүүд нүүдлийн шувуудад нэн чухал ач холбогдолтой. Хуланг хулгайгаар агнах явдал ихсэж байна. Мөн мал болон хулан адуу, хар сүүлтийн бэлчээр, ус давхацдагаас зөрчил гардаг. Галбын говь нь Өмнөговь аймгийн хэд хэдэн томоохон уурхайгаас Хятадын хил хүрсэн замаар хэсэгчлэгдэн тасархайтаад байна.Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудаас идлэг шонхор, зээрд шонхор, жороо тоодгой тогтмол үүрлэж өндөглөнө. Мөн нөмрөг тас, могойч загалай, бахим бүргэдэй, Амарын шонхор үүрлэж өндөглөнө. Евразийн хээр ба цөлийн биомын зонхилох шувууд болох хулан жороо, загийн боршувуу, монгол ногтруу ихтэй. Дэлхийн хэмжээнд ховорт орох хэд хэдэн зүйлийн хөхтөн амьтад бийгээс хулан адуу, хар сүүлтий, цаагаан зээр, аргаль хонь, янгир ямаа, соотон алагдаага тэргүүтнийг дурдаж болно.

Ноён богд, Толь хад

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү, Хатан сэврээ, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна. Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг.  Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.

Алгуй улаан цав

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 40-60 км урт үргэлжилсэн, өндөр нь 1375-1695м уул, хярууд байх бөгөөд түүний нэг нь Алгуйн улаан цав юм. Алгуй улаан цав нь Өмнөговь аймгийн есөн гайхамшгаар нэрлэгддэг. Үүнд Сэврэй хайрхан, Тогоонтөмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт Цогт овоо, Мандал овоо сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд, үлэг гүрвэлийн олдворт газар нутаг багтдаг юм.

Хонгорын элс

Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй.[2], Баяндалай сумдын.[3] нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны.[4] араар 180 орчим км үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн нийтдээ 965 ам км талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг.[5], Арганга булаг.[6] хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй км урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

Сангийн далай

Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давст нуур. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана.Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. Уг нуур натри, хлоридын ус бүхий нуурт багтана.

 

 

 

 

Галбын гурван хийд

Говийн догшин ноён нутагт Данзанравжаа Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд Дэмчогийн хийд, Эрээтийн  хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг байгуулжээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6 километр зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ.Дэмчогийн хийд нь Ханбогд уулнаас зүүн хойш 14 километр зайтай бөгөөд энэ хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг байна. Хоорондуур нь гарвал энерги авна хэмээдэг. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням Дэмчогийн хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоох судалгаа хийжээ. Тийнхүү тогтооход ноён хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцан нь энергийн төв цэг байсан гэнэ. Гол цэгээс 15 километр радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДУНДГОВЬ

Их газрын чулуу

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговь-иос зүүн урагш 80 километрт оршдог. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох  бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу  2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт ургамалтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм. 

Дэл уул

Дэл уулын хадны зураг нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршино.Баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд эл нурууны уулс бүхэн бэлээсээ оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй ажээ. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байна.Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.Энэ цогцолбор дурсгалын зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш онцлог шинжтэй юм. Эндэхийн хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй билээ. Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд зэрэг дүрслэлүүд ихээхэн сонирхолтой юм.

Бага газрын чулуу

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн юм.Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг.

Онгийн хийдийн туурь

Онгийн хийд буюу Гүнджамбаалин хийд (Хотол өглөгч) нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэг, Сайхан-Овоо уулын энгэрт байх туурь юм. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Оргил үедээ 1000 гаруй лам хуврагтай, Халхын томоохон сүм хийдийн нэг байсан тус хийдийн туурь Сайхан-Овоо сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд оршино. Тус хийдээс 15 км зайтай, мөн Онгийн голын эрэг дагуу "Хошуу хурлын хийд" хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрийн Хутагт ламын хийд, зүүн жигүүрийн Хамба Дамцагдоржийн хийдүүдийг хамтад нь "Онгийн гурван хийд" гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ.

Морин хуур

Дундговь аймгийн төвийн Хар овооны тэнд Соёламралтын хүрээлэнд 7 метр 40 сантиметр өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээн залжээ. Өргөн нь 1.5 метр бөгөөд 40 сантиметрийн зузаантай. Сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ. Толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг төмөр троссоор, их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар буджээ.Эртнээс нааш Дундговь аймгийнхан дуу хуураар алдартай билээ. Намжилын Норовбанзад хэмээх ардын уртын дууч маань энэ л нутгаас төрөн гарч, цээл сайхан хоолойгоороо Монголын ард түмнийг нэгэн үеийн туршид уярааж, дэлхийн олон орны улс түмэнд Монгол ардын үндэсний гайхамшигт урлагийг таниулж ирсэн ачтан билээ. Тэрээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртсэн төдийгүй Төрийн соёрхолт хэмээх алдар хүндтэй шагналыг ч зүй ёсоор хүртсэн юм. 1935 онд Улсын алдарт гавъяат жүжигчин цол хүртсэн алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай ч мөн адил энэ нутгаас төржээ. Ийнхүү үеийн үед уртын дуу, морин хуураа мөнхлөн үлдээх зорилгоор Дундговьчууд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг гэрэлт хөшөөнд сийлэн Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөөг ч бас бүтээжээ. Морин хуур, уртын дуу хоёр салшгүй нэгэн цогц урлагийн ертөнц билээ. 

Өөш манхан

Өөш манхан нь Дундговь аймгийн нутагт байдаг элсэн манхан. Энд бөөрний сувиллын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог.Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг. Дээр үеийн ноёд хатад хүртэл дандаа элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн түүх байдаг. Энэхүү Өөш манханы элс нь үе мөч, дотоод эрхтний өвчнийг эдгээхээс гадна бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увьдастай ажээ. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл өөрсдөө очиж энэхүү элсний “ид шид”-ийг гайхацгааж байсан гэдэг.Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.

Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай уул нь Дундговь аймгийн тус уулын нэрээр нэрлэгдсэн сум дахь далайн төвшнөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий /хэвтэш/ маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм.Дэлгэрхангайн энгэр биед “Тэвш”-ийн хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт /Хөшөөт гэсэн үг байж болох/-ын амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй /нүх/ байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могойг гэдэг юм. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг.

Цагаан суварга

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДОРНОГОВЬ

Хамрын хийдийн цогцолбор 

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ.

Сүйхэнт, Өлгий хийд

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийд 1745 онд байгуулагдсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай байжээ. Тус хийд нь Өлгий уулын бэлд, уул руугаа түрж орсон байдалтай, баруун хойд талаараа Баян-Улаан хэмээх рашаан ус бүхий уулс, зүүн хойд талаараа Хорго хайрхан уул, урд талаараа Эргэлийн зоогоор хүрээлэгдсэн байдаг. Гол дуганыхаа ард даяан хийж бясалгадаг агуйтай. Өдгөө тус хийдийн тууринаас тун багахан зүйл үлдсэн бөгөөд 1990 онд тус хийдийг сэргээж Аръяабал сүмийг туурин дээр нь байгуулжээ. 1936 онд тус хийдийн 20 гаруй толгой ламыг баривчилж эхэлснээр улс төрийн эсэргүү нарын бүлгэм хэмээх хэрэг тулган 1792 тоот хавтаст хэрэг нээж ихэнх лам нарыг буудан хороожээ.

 

 

 

Цонжийн чулуу

Цонжийн чулуу - Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм. Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Хар саарал өнгөтэй бөгөөд өнгөлөх юм бол гялалзсан хар өнгөтэй болдог. Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд хэд хэдэн газарт байдаг бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойш Хүж-хад, Говь-Алтай аймгийн Тайшир сумд Харандаа хад гэх зэргээр нэрлэгдсэн байдаг. Мөн Архангай, Хөвсгөлд ч мөн адил хүрмэн чулуун урсацын дагуу сийлж ургасан голуудын хөндийн хавцлын хананд дутуу хэлбэржсэн баганалаг хүрмэн чулуу ажиглагддаг. Ийм дутуу хэлбэржсэн баганалаг хүрмэн чулууг Дорноговь аймгийн Хан Баянзүрх уулын оройн зүүн хэсэгт мөн ажиглаж болох бөгөөд галт уулын чулуулгийн бялхалт явагдсан газар нутгуудад буюу галт уулын хүрмэн чулуутай газар тааралдах боломжтой тогтоц юм. Хэнтий аймгийн баруун хойд хэсэгт хилээс ойрхон мөн Цонжийн-Чулуу уул гэх нэртэй газар байдаг бөгөөд Минж гол баруун талаар нь урсдаг ажээ. Үүнийг columnar basalt - баганан хүрэм, баганалаг хүрэм гэх зэргээр нэрлэдэг байна.

Цагаан дарь эх

Боржигин нутгийн зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй арын Цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий. ХIХ зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон ур дүрийн гайхамшгийг цогцлоон сийлсэн юм.

Бүрдэнэ булаг, Мөнхийн ам

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27 км зайтай оршдог 11,10 гаруй ам дөрвөлжин га талбайтай байгалийн элс, манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон газрыг Бүрдэнэ булаг гэдэг.Эгц өндөр элсэн манхан доторхи 108 булаг, зүлэг ус, худаг, бут, модтой. Тэртээ 200 гаруй жилийн өмнө Д.Равжаа хутагт хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг эрэгтэй, эмэгтэй лам, зоч нар энэ 108 булагт ирж булаг бүрт 1 хоног ном уншуулан лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан гэдэг бөгөөд одоо ч гэсэн Монголын Лүйжинч лам нар энд ирж 3-7 хоног баясалгал хийх явдал ч бий (Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном).Булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан яс, мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Одоо Бүрдэнэ булгийг түшиглэн 2000 оноос бөөр эмчлэх элсэн сувилал-амралтын газар байгуулан жил бүрийн 6 сарын 15-наас 8 сар хүртэл 50-80 хүн хүлээн авах боломж, орон байр, хоолны газрыг сумын тамгын газраас ханган ажилладаг болжээ. Энэ сувиллыг Улаанбаатар хотын нэгдсэн 3-р эмнэлэг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ сувилалд ирсэн амрагчид ингэний буцалгаа ууж, нутагт тарьсан тарвас идэж, халуун элсэн шарлага хийж элсэн манхан, зүлэг ногоон талбай, булаг, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэрэг говийн ургамал, байгалийн сонин сайхныг үзэх боломжтой юм.

Эргэлийн зоо

Эргэлийн зоо орчмын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нумаг дахь байгалийн сонин тогтоцтой, археологийн олдвор ихтэй бөгөөд нийтдээ 59,840 га талбайг хамарна. Эргэлийн зоо нь 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан, хурдас чулуулаг тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Энэ газарт эрт дээр үеэс ард түмэн тахин шүтэж дээр нь морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг. Хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг ховор амьтад байдгаас гадна 70 гаруй төрлийн ургамал ургадаг. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс, дэлхий болон үндэсний музейнүүдэд хадгалагдаж байна. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна.

Нүдэнгийн хонхор

Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 8О км-т, Айраг сумын төвөөс 43 км-т, Нүдэн багийн төв энд байрладаг. Уг газарт Нүдэнгийн хадны завсараас гардаг ходоодонд сайн рашаан, оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэж амны хужир авдаг бөгөөд малчид мал хүн өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь “Хөх өндөр” хэмээх тахилгат овоо байдаг. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай. Нүдэнгийн хийд 1945 оноос 1960 он хүртэл сэргээгдэн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандан тэгчинлин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Данзанравжаа Түгээмэл элбэгтийн 2-р оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэдэг бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг онцлогтой гэдэг.Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12-р сарын 15-ны өдрийн 95-р тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.

 

 

B.Bayartsetseg

Written by B.Bayartsetseg

Монгол Трэйл компанийн ахлах хөтөч, аялал жуулчлалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол орныхоо байгаль, соёлын өвийг дэлхийд таниулах зорилготой.

Танд энэ нийтлэл таалагдсан уу?

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, шинэ аяллын мэдээг цаг алдалгүй аваарай.